ХАНГАЛ НУУР
Хангал нуур нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт оршино. Хэнтийн нурууны мөсдлийн гаралтай нуур, байгалийн үзэсгэлэнт тогтоц, түүхийн дурсгалыг хамгаалах зорилгоор УИХ-ын 2012 оны 57-р тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.
Энэ нь ойт хээрийн бүсэд орших томоохон нуурын нэг бөгөөд бусад нууруудыг бодвол усны горимын хувьд нэлээд тогтвортой гэж үзэж болно. Эргэн тойрон хадтай уулсаар хүрээлэгдэн 1326 м үнэмлэхүйн өндөрт техтоникийн хонхорт тогтох ба урт нь 2 км, өргөн нь 500-1200 м, талбай нь 1,5 хавтгай дөрвөлжин километр болно. Усны тунгалаг 1,6-1,7 м, хамгийн их гүн зөвхөн баруун хойт талдаа 2,3м хүрнэ. Усны нөөц одоо 49 сая шоо метр, харин геологийн өнгөрсөн үед үүнээс их байсныг батлах ор мөр үлджээ. Нуурын өмнө талд усны захаас 10-15 м зайтай 1,5 м орчим өндөр далан байдаг. Энэхүү далан 100 шахам метр байсан боловч хожим урсгал усанд идэгдэн 50-60 м сэтрэн эмсийжээ. Одоо энэ сэтэрхий дэх жижиг ховилоор горхи урсаж Жаргалантын голд цутгадаг учир энэ нь урсгал нуурт тооцогддог.
Хад асга цөөн тохиолдохын хамт солифлюкцийн үзэгдэл ч ховор. Энгэр хажууд нарны цацраг эгц тусаж ууршилт эрчимтэй явах нөхцөлийг бүрдүүлнэ. Зуны борооны ус хөрсөнд хадгалагдах нь харьцангуй бага. Хөрсөн бүрхэвч ойн бараан хөрснөөс бүрэлдэх бөгөөд механик бүрэлдэхүүний хувьд голчлон элсэнцэр юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ