Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа

  • 1992 онд байгуулагдсан
  • 314208, 322111, 70112111
  • khankhentii@mpa.gov.mn
  • Улаанбаатар хот, Цаг уур орчны шинжилгээний газар

Ерөнхий танилцуулга

                                              

       Хан Хэнтийн ТХГ- ын үндсэн зорилго нь Хэрлэн, Онон, Туул Естий, Захар, Шороот, Минж, Ерөө зэрэг томоохон гол мөрний усны эх, Хэнтий нурууны биологийн төрөл зүйл, экологийн нөхцөл, байгалийн үйл явц тэдгээрийн унаган байдлыг хадгалан хамгаалж хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхэд оршино.

1982 онд БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор Туул голын эх, Захар, Шороот, Ар Минж, Естийн голын сав газрыг хамарсан “Ар Туулын Улсын Ангийн Нөөц Газар” байгуулж нутгийн иргэдийг ан агнахыг хориглож байсан байна.  Ингээд 1990 оноос Хэнтий аймгийн Батширээт, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумдын зарим иргэдийн хүсэлтийг хүлээн авч Төв аймгийн Ардын Депутатуудын Хурлын Тэргүүлэгчид, Монголын Байгаль Орчныг Хамгаалах Холбооны /МБОХХ/ Төв, Хэнтий аймгуудын санаачлагаар 1992 оны 2-р сард Төв аймгийн Зуунмод хотноо “Хан Хэнтийн Дархан Цаазат Газар” байгуулах асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байна. Тус бага хурлаас ”Хан Хэнтийн Дархан Цаазат Газар” байгуулах үндэслэлийг тодорхойлон уг асуудлыг аймгийн Ардын Депутатуудын Хуралд тавьж дэмжигдэн улмаар БНМАУ-ын Улсын Бага Хурал, Байгаль Орчны Хяналтын Улсын Хороонд өргөн барьжээ.

БНМАУ-ын Бага Хурлын 1992 оны 11-р тогтоолоор Хан Хэнтийн Дархан Цаазтай Газрыг (ХХДЦГ) байгуулан, Монгол Улсын Засгийн газрын мөн оны 31-р тогтоолоор хил заагийг тогтоож түүний тогтвортой ашиглалт, хамгаалалтын асуудлыг зохицуулан зохион байгуулах үүрэг бүхий Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг байгуулсан.

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нь Хан Хэнтийн дархан цаазат газар, Өндөрхааны байгалийн цогцолборт газар, Хангал нуурын байгалийн дурсгалт газар, Биндэръяа хан уулын байгалийн дурсгалт газар гэсэн хамгаалалтын 3 өөр дэглэмийг шаардах 1 766 573.81 га талбай бүхий нутаг дэвсгэрийг хамардаг.

 УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор  Хан Хэнтийн дархан цаазат газрын баруун хэсгийг Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр сумдын нутагт хамаарах 456841 га-аар өргөтгөн, дархан цаазат газрын хилийн цэсийг шинэчлэн тогтоосон. 

Тус хамгаалалттай газар нь Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Мөрөн, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө,  Хүдэр  сумын нутаг дэвсгэрийг эзлэн оршино. Үүнээс:

  •           Хан Хэнтийн ДЦГ                                1 748 103.89 га
  •           Өндөрхааны БЦГ                                 8820 га
  •           Хангал нуурын БДГ                             3913 га
  •           Биндэръяа хан уулын БДГ                   5736 га       талбайг хариуцан хамгаалдаг.