БИНДЭРЪЯА ХАН УУЛ
Хэнтийн нурууны зүүн төгсгөлд орших байгалийн өвөрмөц тогтоцтой, нутгийн ард түмэн тахин шүтсээр ирсэн, Рашаан хад, хиргэсүүр, Монгол овог аймгуудын тамганы дурсгал, хадны бичээсүүд гэх мэт түүхийн дурсгал ихтэй газар.
Биндэръяа хан уул нь ойт хээрийн бүсийн бараг өмнөд хил болдог ба энд Монгол орны түүх соёлын үнэт дурсгалууд олноор хадгалагдан үлдсэн байдлыг харгалзан, тэдгээрийг хадгалан хамгаалах зорилгоор УИХ-ын 2012 оны 57-р тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.
Биндэръяа хан уул нь Хэнтийн нурууны зүүн төгсгөлд д.т.д 1338.8 м өндөрт оршдог. Биндэръяа хан уулын ам хөндийн голууд Хурхын гол руу цутгадаг бөгөөд ойр орчимд Дулын гозгор уул, Нарсан гул уул, Ёл уул зэрэг дундаж өндөр бүхий олон уулс байхаас хамгийн өндөр нь Тодонтын өндөр уул (1574,5 м) юм. Энд ойт хээрийн ланшафт зонхилдог, бэлчээр, газар тариаланд тохиромжтой нутаг юм. Ойт хээрийн ургамал, амьтан байх боловч амьтны аймгийн хувьд төдийлөн баян биш.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ