ЭМГЭНЭЛ

2017 оны 05 сарын 29

        ЭМГЭНЭЛ

Бидний хамтран зүтгэгч, мэргэжил нэгт байгаль хамгаалагч Балжинням овогтой Дорж нь 2017 оны 05-р сарын 28-ны өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлээ.

Тэрээр  1960  онд  Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн.

1968-1978 онд Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшиж, 1982-1985 онд Хэнтий аймгийн Батширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, түүхий эдийн туслахаар ажиллаж байсан.

1992 оноос Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны  Онон хэсэгт байгаль хамгаалагчаар тасралтгүй 25 жил ажилласан манай анхны ахмад байгаль хамгаалагчдын нэг билээ.

Ажиллах хугацаандаа Байгаль орчны багц хууль болон Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хууль, хамгаалалтын горим дэглэмийг мөрдүүлэх, ард иргэдэд сурталчлан таниулах ажлыг үнэнч шударгаар гүйцэтгэж ирсэн билээ.

Түүний хариуцан хамгаалж буй газар нутагтаа хяналт шалгалтын ажлыг морин эргүүлээр сайн гүйцэтгэж ажилласны үр дүнд хариуцсан нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд ой хээрийн түймэр гаргаагүй бөгөөд байгаль хамгаалагчийн  тэмдэглэлийг нарийн хөтлөж амьтны аймаг ургамлын анхан шатны судалгааг хөтөлж, биотехникийн арга хэмжээг зохих газруудад хийж  хэвшил болгон ажиллаж  “Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр шагнагдсан тэргүүний  байгаль хамгаалагчдын нэг билээ. Түүний хөдөлмөрч, хичээнгүй, төлөв даруу, үнэнч шудрага  эрхэм нандин зан чанар бид бүхний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хамт олноос

2017оны 05 дугаар сарын 29-ны өдөр

 

       

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now